Нийслэлийн Статистикийн газар нь албан ёсны болон захиргааны статистикийн үйл ажиллагааг эрхэлдэг төрийн захиргааны байгууллага юм. Тус газар нь нийслэл хотын 9 дүүрэгт статистикийн хэлтэс, ажилтантай бөгөөд Үндэсний Статистикийн хорооны орон нутаг дахь хамгийн том салбар нэгж билээ. Нийслэлийн Статистикийн газар (НСГ) нь нийслэлийн эдийн засаг, хүн ам, нийгэм, байгаль орчны талаарх статистикийн мэдээллээр төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад адил тэгш үйлчилдэг төрийн байгууллага юм.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Бид Нийслэлийн статистик мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эрхлэн гаргаж, хэрэглэгчдэд адил тэгш үйлчилнэ.
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
Албан ёсны статистикийн бүртгэл хөтлөх, мэдээлэл гаргаж өгөх, дамжуулах, нэгтгэн боловсруулах, тооллого, судалгаа явуулах, дүгнэлт гаргах, мэдээлэл, судалгааны үр дүнг хэрэглэгчдэд тараах, хэвлэн нийтлэх, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, сан байгуулах, хадгалах статистикийн бүх үйл ажиллагааг аймгийн хэмжээнд удирдлага, зохион байгуулалт, арга зүйгээр хангаж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахад чиглэгдэнэ.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ
Нийслэлийн хэмжээнд албан ёсны статистикийн мэдээ, тайланг цуглуулах, бүртгэл хөтлөх, дээд шатны байгууллагад дамжуулах
Тоон мэдээллийг нэгтгэн боловсруулах
Албан ёсны статистик мэдээллийн үнэн, зөв байдалд байнгын хяналт тавьж, бодит байдлыг хангах
Тоон мэдээлэл, тооллого судалгааны үр дүнгээр олон жилийн зэрэгцүүлэлт (динамик) бүрдүүлэх
Статистикийн мэдээний маягт, зааврыг боловсруулах
Нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөх, шийдвэр гаргахад шаардлагатай тоон мэдээллээр хангах
СТАТИСТИКИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 183 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Статистикийн товчоог байгуулсан. Монгол Улсын Статистикийн тухай хуулийг 1997 онд шинэчлэн баталснаар Статистикийн алба нь Засгийн газраас хараат бус бие даасан байгууллага болсон. Нийслэлийн Статистикийн байгууллагын тогтолцоо нь албан ёсны статистикийн үйл ажиллагааг хараат бус, бие даасан байдлаар нийслэл хотын хэмжээнд төвлөрүүлэн эрхэлдэг бөгөөд Нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх Статистикийн газар, хэлтсээс бүрдэнэ. Хороонд статистикийн үйл ажиллагааг хорооны Засаг дарга эрхлэн гүйцэтгэж байна. 2026 оны байдлаар Нийслэлийн Статистикийн газар нь зохион байгуулалтын хувьд 11 хэлтэстэй. Үүнд: Захиргаа, удирдлагын хэлтэс (3 орон тоо), Нийгмийн статистикийн хэлтэс (3 орон тоо), Эдийн засгийн статистикийн хэлтэс (13 орон тоо), төвийн 6 дүүргийн Статистикийн хэлтэс (5 орон тоо), Багануур, Налайх дүүргийн Статистикийн хэлтэс (3 орон тоо), Багахангай дүүрэгт Статистик хариуцсан 1 албан хаагч нийт 54 орон тоотойгоор статистикийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэж байна.
СТАТИСТИКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Монгол Улсын Статистикийн тухай хуулийн дагуу Нийслэлийн Статистикийн газар нь Нийслэлийн Засаг даргын статистикийн талаарх бүрэн эрхийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж, статистикийн бүртгэл хөтлөх, мэдээлэл гаргаж өгөх, дамжуулах, нэгтгэн боловсруулах, тооллого судалгаа явуулах, дүгнэлт гаргах, мэдээлэл судалгааны үр дүнг хэрэглэгчдэд тараах, хэвлэн нийтлэх, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, мэдээллийн сан байгуулах, хадгалах зэрэг статистикийн үйл ажиллагааг явуулж байна.
Бид албан ёсны статистикийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг баримталдаг.
• Албан ёсны статистикийн үйл ажиллагаа нь хараат бус, бие даасан байх
• Шинжлэх ухааны үндэслэл бүхий нэгдмэл арга зүйтэй байх
• Мэдээлэл үнэн, бодитой байх
• Мэдээлэл шуурхай байх
• Статистикийн мэдээлэл нь нийтэд хүртээмжтэй, хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд ил тод байх
• Статистикийн үзүүлэлт, арга зүй нь олон улсын статистикийн стандарт, арга зүйтэй нийцсэн байх
• Статистикийн мэдээллийг бага зардлаар, мэдээлэгчид ачаалал багатай арга хэлбэрээр цуглуулах
СТАТИСТИКИЙН БҮТЭЭГДЭХҮҮН
НСГ-аас долоо хоног бүрийн Лхагва гарагт нийслэл хотын өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн судалгааны дүн, сар бүр “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн байдал” статистикийн танилцуулга, жилд “Нийслэл хот”, “Нэмүү өртөг” гэсэн танилцуулга, хотын хөгжлийн статистик үзүүлэлтийн олон жилийн динамикийг бэлтгэн цахим хуудсаар тархааж байна. Үүний зэрэгцээ жил бүр нийслэлийн эдийн засаг, нийгмийн байдлын тухай тусгайлсан сэдвээр статистикийн судалгааг хийж, судалгааны үр дүнгийн танилцуулгыг статистикийн мэдээллийг хэрэглэгчид цахим болон хэвлэмэл байдлаар тархаадаг.
Хаяг байршил: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо, Арцатын ам, Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор байр "Б" блок, 4 давхарт байрлаж байна.
Холбоо барих: +(976)-51-261224, 11-327946, 11-322783
Цахим хаяг: ulaanbaatar@nso.mn
Эх сурвалжийн дэлгэрэнгүй байдал:
Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Э.Зоригбат
Холбоо барих: 11-328787
Өрөөний дугаар: 403 тоот
zorigbat@nso.mn